Friday, April 6, 2018

эмийн хэлбэрийн тухай

Эмийн хэлбэрийн тухай
Ангилал: АУ & МЭ
Төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэх зорилгоор эмийн зүйлийг эмнэлгийн практикт хэрэглэхэд тохиромжтой байдалд оруулан бэлтгэхийг эмийн хэлбэр гэнэ. Эмийг найрлаганд нь орсон бодисоос хамааран хатуу, шингэн, зөөлөн хэлбэртэй гэж гурав ангилдаг.  
Эмийн хатуу хэлбэр
Эмийн хатуу хэлбэрт нунтаг,  бэмбий, үрэл, шахмал, мөхлөг, цуглуулга зэрэг хэлбэр орно.
Нунтаг: Нэг буюу хэд хэдэн хуурай хөвсгөр эмийн бодисуудаас тогтсон, гадуур ба дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Нунтаг нь манай тооллоос 3000 жилийн өмнө хэрэглэгдэж байсан эртний эмийн хэлбэр. Нунтаг нь янз бүрийн хэлбэр, дүрс, хэмжээ бүхий хэсгүүдтэй, дисперсийн орчингүй,  бүх талаар чөлөөт дисперсийн систем юм. Эмийн бодисыг жижиглэхэд гадаргуугийн талст бүтэц нь эвдэрч шинэ гадаргуу үүснэ. Үүний дүнд нунтгийн чөлөөт гадаргуу ихсэж эмийн бодисын уусалт сайжирч,хурдан шимэгдэж эмчилгээний өндөр идэвхи үзүүлнэ. 
Нунтгийн давуу талууд: Хурдан шимэгддэг, хэрэглэхэд тохиромжтой, тун нь зөв,  бэлтгэх технологи нь нарийн багаж төхөөрөмж шаарддаггүй хялбар.
Нунтгийн дутагдалтай  талууд: Чийг татаж хөвсгөр байдлаа алдаж чийгтдэг, талст усаа алдана, өөр бусад үнэрийг шингээж өөрчлөгддөг эсвэл үнэрт бодисууд нь дэгдэж үнэрээ алддаг.
Нунтгийн ангилал: Нунтгийн бүрэлдэхүүнд нэг ба хэд хэдэн бодис орж болох ба энэ шинж чанараар  нь нунтгийг дан ба нийлмэл гэж ангилна. Нунтгийн туналалтын байдлаас нь хамааран: нэг удаагийн тунд хувааж бэлтгэсэн байвал тугнасан нунтаг ба тугнаагүй нунтаг гэж, мөн хэрэглэх аргаас нь хамаарч: гадуур хэрэглэх нунтаг, дотуур хэрэглэх нунтаг гэж ангилна.
Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи: Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэхдээ дараах 5 нь үйлдлийн дагуу гүйцэтгэнэ.
1.    Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шийднэ.
2.    Тунг шалгана.
3.    Паспорт бичнэ. Бүх нунтагт орсон эмийн бодисын хэмжээ ба нэг нунтгийн жинг тооцоолно.
4.    Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно.
5.    Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгнө.
Нэг дэх үйлдэл: Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ.
·         Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисууд нь хоорондоо нийцэж байгаа эсэхийг харгалзан нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ. Эмийн бодисууд нь хоорондоо харилцан үйлчлэлцснээс болж эмчилгээний идэвх нь буурах эсвэл хортой нэгдэл үүсч болно. Жоронд үл нийцэх бодис байгаа эсэхийг тодорхойлоход тэдгээрийн химийн шинж чанарыг зайлшгүй мэдэх шаардлагатай бөгөөд энэ зорилгоор үл нийцлийн хүснэгтийг ашиглаж болно. Үл нийцлийн шалтгааныг тогтоосны дараа үл нийцэж буй бодисуудыг тусад нь олгох эсвэл туслах бодисын тусламжтайгаар нунтгийг бэлтгэх боломж байгаа эсэхийг тогтооно.
Хоёр дахь үйлдэл: Тунг шалгана.
·         Нунтагийн найрлаганд орсон хортой, хүчтэй, мансууруулах болон түүнтэй адил бэлдмэлийн нэг удаагийн ба хонгийн тун нь хэтэрсэн эсэхийг шалгана.
Гурав дахь үйлдэл: Паспорт бичнэ.
·         Нунтагийн найрлаганд орсон эмийн бодисуудын бүх нунтагт орох хэмжээ ба нэг нунтагийн жинг тооцоолно. Бүх нунтагт орсон эмийн бодис тус бүрийн жинг олохдоо нэг удаагийнтунгийн  жинг жоронд өгөгдсөн тунгийн тоогоор үржүүлнэ. Нэг удаагийн жинг олохдоо бүх нунтагт орсон нийт бодисуудын жинг нэмээд тунгийн тоонд хуваана. Тооцооны дүнг паспортонд бичнэ.
Паспортонд: жорын дугаар бүх нунтагт орсон эмийн бодисуудын хэмжээ тунгийн тоо, нэг удаагийн жин, бэлтгэсэн он сар өдөр, бэлтгэсэн ба шалгасан хүний гарын үсэг зэргийг бичих ба эмийн санд 12 өдөр хадгална.
Дөрөв дэх үйлдэл:  Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно. Нунтаг эм бэлтгэх технологийн ерөнхий ажиллагаа
Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи нь дараах шатуудаас бүрдэнэ. Жижиглэх, шигших, холих, хуваах(туналах), боож савлах, хаяглах.
Жижиглэх: нунтаг эмийн бодисууд нь маш нарийн ширхэгтэй байх нь эмийн биологийн шингэцэд сайнаар нөлөөлж, эмчилгээний үйлдэл нь хурдан илрэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой учраас нунтаг хэлбэрээр олгох эмүүдийг  хавтгай аль болох жижиглэх шаардлагатай байдаг.  Хатуу бодисуудыг жижиглэхдээ нүдэх, дарж бутлах зарчмыг голчлон хэрэглэдэг ба наалдамхай бодисуудыг үрж тасдах, бутрамтгай бодисуудыг хагалж бутлах, үйрүүлэх зэргээр тохирсон үйлдлийг хэрэглэнэ
Нунтгийг жижиглэлтийн зэргээр нь том ширхэгтэй, дунд зэргийн том, дунд зэргийн жижиг, нарийн, хамгийн нарийн ширхэгтэй нунтаг гэж ангилж ялгана.
Жижиглэсэн нунтгийн ангилал ба шигшүүр
Нунтгийн нэр
Шигшүүрийн материалын дугаар 
Нүхний голч мм
Нүхний хэлбэр
Материал
Хамгийн  нарийн нунтаг
61
0.090±0.015
Олон өнцөгт
Торго
Нарийн  нунтаг
46
0.120±0.020
Олон өнцөгт
Торго
Жижиг ширхэгт нунтаг
35
0.160±0.025
Олон өнцөгт
Торго
дунд зэргийн жижиг нунтаг
32
0.20±0.030
Олон өнцөгт
Торго
дунд зэргийн том нунтаг
23
0.329±0.032
Дөрвөлжин
Капрон
Том ширхэгтэй нунтаг
21
2.00±0.070
Олон өнцөгт
Торго

Шигших ажиллагаа
Жижиглэсэн нунтаг эмийн бодисыг шигшүүрээр шигшиж жигд ширхэгтэй нунтгийг ялгаж авна. Шигшүүрийг төмөр утас, торго, капрон, хавтгай нимгэн металл зэргийг ашиглан сүлжих, нүхлэх, торлох зэргээр тодорхой голчтой нүх гаргаж үйлдвэрлэдэг. Шигшүүрүүд нь нүхний голчоороо дугаарлагддаг. Эмийн бодисыг жижиглэх, шигших, холих үед бургиж ам хамар нүдэнд орж салст бүрхэвчийг цочроох тул ялангуяа хортой дэгдэмхий хурц үнэртэй эмийн бодис оролцсон нунтгийг найруулахдаа таглаатай уур шигшүүр хэрэглэж амны хаалт зүүвэл зохино.
Холих ажиллагаа: Нунтаг бэлтгэхэд холих ажиллагаа чухал үүрэгтэй. Эмийн бодисыг эхлээд жижиглээд дараа нь холино. Холихдоо эмийн бодисуудын шинж чанараас хамааран тодорхой дарааллыг баримтална. Холих жижиглжх ажиллагаа нэгэн зэрэг явагдана. Сүүлийн үед энэ зорилгоор жирийн уур нүдүүрээс гадна механик ажиллагаатай уур нүдүүрийг өргөн хэрэглэж байна. Холих үед нунтгийг уур нүдүүрийн  хананаас хусуураар үе үе хусах замаар жигд холино. Холих ажиллагааг нунтаг эмийн холимог жигд болтол үргэлж үргэлжүүлнэ.
Тугнах ажиллагаа
Нунтгийг тугнах ажиллагааг хоёр аргаар хийдэг.
1.    Жингээр тугнах:  нунтгийг жингийн аргаар тугнахдаа хольсон нунтгийг гар дэнсний тусламжтайгаар нэг удаа хэрэглэх тунгуудад хуваана. Нунтгийн дундаж жин нь 0,3-0,5 гр байх ба нунтгийн жингээс хамааран зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаарт тохирч байх ёстой. Нунтгийг жингийн аргаар тугнах нь эмийн санд байнга хийгддэг арга.
2.    Эзэлхүүнээр тугнах: Нунтгийг эзэлхүүний аргаар тугнахад тунлуур ТК-3 ба ДПР-1 хэмээх гар ажиллагаатай жижиг багажийг хэрэглэнэ.
Боох: Боохдоо нунтгийн хэрэглэх зориулалт ба эмийн бодисын шинж чанараас хамаарч цаасанд боох эсвэл капсулд савлаж хаяглана.
Хаяглах: Гадна талын уут, хайрцган дээр дотуур ба гадуур гэсэн үндсэн шошги нааж, түүн дээр нь эмийн сангийн дугаар, жорын дугаар, өвчний нэр, хэрэглэх арга, бэлтгэсэн он сар өдөр, эмийн үнэ, нэмэлт хаяг зэргийг бичнэ. Шаардлагатай бол нэмэлт хаяг, анхааруулгыг (Болгоомжил, харанхуй газар хадгал, сэрүүн газар хадгал г.м) нааж, шаардлагатай тохиолдолд битүүмжилж жорын хуулбар бичнэ. 
Энгийн нунтаг эм бэлтгэх технологи
Нэг эмийн бодисоос бүрэлдсэн нунтгийг энгийн нунтаг гэнэ. Энгийн нунтгийг хуваасан дан нунтаг, хуваагаагүй дан нунтаг гэж ангилна. Энгийн нунтаг бэлтгэх технологи нь хялбар байдаг. Шууд уусгаж хэрэглэх тохиолдолд нунтаг эмийн бодисыг жижиглэхгүйгээр шууд олгодог.  Жишээ нь магний сульфат.  Хуваагаагүй дан нунтаг эм- Магнийн сульфатаас 30,0 жигнэж аваад цаасан уутанд хийж олгоно. Усанд уусгаад дотуур олгоно. Хуваасан дан нунтаг эм жор бэлтгэхдээ 3.0 норсульфазолыг жижиглээд 0,5-р жигнэж бооно. Дотуур гэсэн хаяг наана.
Нийлмэл нунтаг эм бэлтгэх технологи
Хэд хэдэн нунтаг эмийн бодис оролцсон хуурай холимгийг нийлмэл нунтаг гэнэ. Нунтгийн бүрэлдэхүүнд орсон эмийн бодисуудын шинж чанарыг харгалзан нунтгийг бэлтгэх аргыг сонгон авах бөгөөд нийлмэл нунтаг бэлтгэх ерөнхий дүрмийг баримталж бэлтгэнэ.
1.    Нийлмэл нунтгийг бэлтгэх технологийг уур нүдүүрийн сонгож авахаас эхэлнэ. Нунтгийн бүх жин нь уурын тохиромжтой ачаалалд ойрхон байх бөгөөд дээд ачааллаас хэтрэхгүй байх ёстой. Үүний тулд нунтгийн нийт жинг бодож гаргана.
2.    Нунтаг эмийн бодисыг холих дэс дарааллыг бодолцон хамгийн түрүүнд уурандаа саармаг чанарын бодисыг авах бөгөөд ийм бодис байхгүй бол их хэмжээтэй бичигдсэн бодисоос авна. Жижиглэхэд бэрхшээлтэй бодисуудыг эхэнд нь авах ба тэдгээрийг жижиглэхдээ спирт буюу эфир нэмнэ. 1,0 гр бодист 5-10 дусал спирт, 10-15 дусал эфир хэрэглэнэ.
3.    Дараа нь эхний бодисоос ууранд хийхдээ дараачийн нэмэх бодисыг хэмжээтэй адилханыг үлдээгээд шингэн ба будагч бодисоос бусад бодисуудыг авч холино.
4.    Талст устай бодисуудыг эхлээд хатааж бусадтай холино. (чийгтэй холимог үүсэхээс хамгаалж)
5.    Хүчтэй үйлдэлтэй ба мансруулах бодисууд 0,05 гр ба түүнээс бага хэмжээтэй байвал 1;10 ба 1;100 гэсэн харьцаатай тритурацийг ашиглана. Тритурацийг бэлтгэхэд туслах чанарын бодис болох сүүний сахарыг авч зохих хэмжээнд хүргэдэг.
6.    Нунтгийн бүрэлдэхүүнд орсон будагч бодисуудыг дунд нь хийж бэлтгэнэ.
7.    Шингэн эмийн бодисыг суулд нь нэмэх ба эдгээр нь нунтгийн бургимтгай хөвсгөр чанарыг алдагдуулахгүй байх ёстой.
8.    Хөнгөн чанарын бургимтгай бодисуудыг хорогдохоос хамгаалан сүүлд нь нэмнэ.
9.    Жижиглэх, боож, савлах, холих ажиллагааг дээр дурьдсан ерөнхий ажиллагааны дагуу хийнэ.
 Тав дах үйлдэл: Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгөх.
·         Нунтгийн чанарыг мэдрэхүйн эрхтнээр болон физик химийн аргуудаар шалгана. Бэлэн болсон нунтгийг дагалдах бичиг баримтуудыг эхэлж шалгана. Үүнд:
Жор, жорын хуулбар, паспортонд бичигдсэн тооцоо зөв эсэх, Дараа нь эмийн чанарыг шалгана. Үүнд: хаяглалт, савлалт, гадаад байдал, тоо, нунтгийн жин, жингийн хэлбэлзэл. Эцэст нь бэлтгэсэн нунтаг нь чанарын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргана.
Бэмбий: Энэ нь зөвхөн дотуур уулгах зориулалтаар бэлтгэсэн эмийн хатуу хэлбэр юм. Бэмбий гол үйлдэл үзүүлэгч ба хэлбэржүүлэгч бодис хоёроос тогтоно. Хэлбэржүүлэгч бодисоор нь хөх тарианы гурил, улаан буудайн гурил, төрөл бүрийн усыг хэрэглэдэг. Бэмбийг янз бүрийн хэлбэртэй 0,5-20 граммын жинтэй бэлтгэн малын хэлний уг дээр тавьж гараар буюу бэмбий олгогчоор түрхэн оруулж залгиулна. Бэлтгэсэн өдрөө хэрэглэх шаардлагатай.  
Бэлтгэх арга:  Шаазан ууранд эмийн бодис, хуурай хэлбэржүүлэгч бодисоо жинлэн авч дээрээс нь усаа бага багаар хийж жигд холилдуулан зуурсан гурил шиг болгон зуурмагаа буузны гурил шиг цувиж нарийсган тохирсон тунгаар нь хувааж огтлон бэмбий бүрийг тодорхой хэлбэрт оруулан бэлтгэж өгнө. Бэлтгэхдээ уур нүдүүрт зуурмагийн хэсгийг наалдуулж орхиж болохгүй. Бэлтгэсэн бэмбийгээ хуурай гурилд өнхрүүлэн цаасан уутанд савлаж шошиго хийнэ. Бэмбийг жоронд 4,5-р загвараар бичнэ.
 Үрэл-Pilulae
0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй  хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ. Мал эмнэлгийн практикт үрэлийг шувуу, гахай, мууранд уулгадаг. Үрэлийн хэлбэржүүлэгч бодисоор гурил, ургамлын экстракт, нунтаг, салслаг бодис агуулсан ургамлын холимгийг ашиглана. Бэлтгэх болон жоронд бичихдээ арга нь бэмбийтэй адил байна.
Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин нь 0.1-0,5-ын хооронд хэлбэлзэх ба 4-8мм диаметртэй. Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч туслах бодис хоёроос тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм. Үрэл нь дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой.
1.    Үрэл нь ходоод нарийн гэдсэнд задарч эмчилгээны үйлдэл үзүүлэх ёстой
2.    Үрлийн зуурдас нь уян хатан, харимхай байх ёстой. Үрлийн зуурдас уян хатан харимхай байна гэдэг нь зуурдас тодорхой хэлбэрт орох чадвартай байхыг хэлнэ.
3.    Үрлийн зуурдас нь уян хатан, нягт байна. Ийм биш байвал зөөлөрч гадны хүчний нөлөөгөөр бөөрөнхий хэлбэрээ алдана. Хэрэв нягт байвал савх болгох, цаашид үрэл болгож хэлбэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг.
Үрэл бэлтгэх технологи
Үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодисуудыг холих, үрлийн зуурдасыг бэлтгэх ажиллагааг эмийн бодисын физик, химийн шинж чанарт тохирсон шаазан ба хуванцар ууранд хийж гүйцэтгэнэ. Цаашид үрлийг бэлтгэх ажлыг үрлийн машин дээр үргэлжүүлэн явуулна.
Үрлийг бэлтгэх технологи ажиллагаа нь шаттай.
1.    Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
2.    Үрлийн зуурдсыг бэлтгэх
3.    Үрлийн савхыг бэлтгэх
4.    Үрлийн савхыг хэрчих
5.    Үрлийн хэлбэржүүлэх
6.    Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох
7.    Үрлийн чанарыг үалгах
Үрлийн зуурдсанд эмийн бодис нэмэх
Үрлийн бүрэлдэхүүнд янз бүрийн физик, химийн шинж чанартай олон эмийн бодисуудыг нэгтгэн бичиж болох бөгөөд тэдгээрийн физик, химийн шинж чанарт нь тохируулан туслах чанарын бодисуудыг сонгон авч үрлийн зуурдсыг бэлтгэдэг.
1. Ус ба бусад уусгагчид муу буюу уусдаггүй бодисууд. Үрлийн бүрэлдэхүүнд хортой хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисууд бага хэмжээтэй орсон байвал, холихын өмнө эмийн тунг нарийн шалгаж үзнэ. Хортой, хүчтэй үйлдэл бүхий бодисуудыг ургамлын зуурдсан дотор жигд тараах цаашид тэдгээрийг үрэл тус бүрт жигд тунтай тараахын тулд нунтаг бэлтгэх дүрмийн дагуу эмийн бодисуудыг ургамлын нунтагтай холиод дараа нь өтгөн бодистай хольж хөвмөл маягийн уян хатан, харимхай зуурдсыг бэлтгэнэ.
2. Ус, глицеринд уусдаг бодисуудыг бага хэмжээний уусгагчид уусгаад уусмал бэлтгээд дараа нь өтгөн бодисуудтай холиод сүүлд нь хуурай бодис  нэмж уян харимхай зуурдас бэлтгэнэ.
3. Устай холилддоггүй шингэн бодисууд. Ийм бодисыг эхлээд эмульсжүүлэгчийн тусламжтайгаар эмульсжүүлж дараа нь үрлийн зуурдсан дотор хөвмөл, уусмал, эмульс байдлаар тархсан байна. Үрлийн бүрэлдэхүүнд орсон нунтаг эмийн бодисуудыг холихдоо нарийн нунтгийг холих ерөнхий дүрмийг баримтална. Хортой, хүчтэй үйлдэл бүхий эмийн бодисуудыг үрлийн зуурдсанд жигд тараах зорилгоор эхлээд бага зэрэг хэмжээний ус эсвэл өөр шингэнтэй спирт, глицерин хольж нухна.
Зарим тохиолдолд эмийн бодисуудыг сахартай хольж нухах аргыг хэрэглэж болно.   
Үрлийн зуурдсыг бэлтгэх
Эмийн бодисуудын холимог дээр туслах чанарын бодисоос бага багаар нэмж нухаж, үрлийн зуурдсыг бэлтгэх бөгөөд хадгалах хугацааны турш хэлбэр дүрсээ өөрчилдөггүй тийм уян хатан чанартай болгоно. Үрлийн зуурдсыг бэлтгэхдээ эмийн бодисуудыг туслах бодистой нь хольж гурил зуурах мэт зуурч нухаад элдэж бэлтгэнэ. Туслах чанарын бодисыг тодорхой дэс дараалалтайгаар бага багаар  нэмнэ. Эхлээд шингэн чанарын бодисыг авч зөөлрүүлээд дараа нь хуурай бодисыг нэмж холих нь тохиромжтой байдаг. Зуурдас бэлэн болсон нь уур нүдүүрийн хананаас өөрөө аяндаа ховхорч салдгаар тайлбарлагдана.
Үрлийн сав бэлтгэх: Үрлийн зуурдсыг бэлтгэсний дараа түүнийг пергаментан цаасаар жийрэглэж бариад үрлийн машины хавтгай шилэн  дээр тавьж хавтгай хусуур модоор хойш , урагш гулсуулж бөөрөнхийлөн цилиндр хэлбэртэй гөлгөр гадаргуутай савхыг бэлтгэнэ.
Үрлийн савхыг хэрчих: Үрлийн савхыг үрлийн машины  доод хутган дээр тавиад түүний дээрээс дээд хутгыг тавьж нааш цааш нь хөдөлгөж зүсэх байдлаар гулсуулж дарах замаар хөдөлгөн савхыг хэрчмүүд болгон хуваана. Савхыг чадамгай сайн хэрчихэд бараг бэлэн бөөрөнхий үрлүүд үүснэ.
Үрлийн хэрчмийг хэлбэржүүлэх: Бэлэн болсон үрлүүд нь бөөрөнхий хэлбэртэй гадаргуу нь тэгш жигд байх ёстой. Үрлийн зуурдсаар савх савхнаас үрлийг    хийхэд ликоподийг хэрэглэхээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Үрлийг агаарт 1-2 цаг байлгаж хатаагаад хэрэв гадаргуу нь тэгш бус байвал дахин бөөрөнхийлнө.
Үрэлд нунтаг цацах, бүрхэх, савлах, олгох: Үрлүүдийг хооронд нь наалдхаас хамгаалж саармаг нунтаг цацах ба тусгай бүрхүүлээр бүрхэнэ. Хамгийн дэлгэрсэн бүрхүүл нь цардуул бөгөөд хэрэв үрлийн бүрэлдэхүүнд орж байгаа эмийн бодис органик бодистой улвалд орохгүй бол цагаан шавар буюу талькийг хэрэглэнэ. Бүрхэхдээ 30 үрэлд 2,0-2,5г нунтаг оногдохоор бодож үрлийг машины хавтгай шилэн дээр буюу олгох саванд хийсний дараа цацах ба харин бөөрөнхийлөх хөдөлгөөн хийж болохгүй. Бүрхүүлд хэрэглэгдэж байгаа нунтаг нь сайн нунтаглагдаж шигшигдсэн (шигшүүр №1) байвал тэгш гадаргуутай үрэл гардаг. Зарим үед үрлийг муухай үнэр, амтыг далдлах, агаар чийгийн нөлөөнд өөрчлөгдөх, хатах, исэлдэхээс хамгаалах, үрлийг ходоодонд задрахгүй нарийн гэдсэнд задрах болгох, гоёмсог гадаргуутай болгох зорилгоор тусгай бүрэлдэхүүнтэй бүрхүүлээр бүрнэ. Одоо үед хамгийн тохиромжтой нь сахарын нунтагаар бүрхэх арга болоод байгаа нь үйлдвэрт хялбар байдагтай холбоотой юм. Үрлийг цардуулын цавууны уусмалтай хавтгай аяган дотор өнхрүүлээд сахарын холимогтой банкинд хийгээд хэд дахин сэгсэрнэ. Сахарын холимгийн бүрэлдэхүүнд тэнцүү хэмжээний сахар, цардуул байна. Энэ холимог   нь хамгийн нарийн ширхэгтэй нунтаг байх ёстой. Сахарын холимгоор бүрхсэн үрлүүдийг цэвэр шилэн хавтгай аяганд хийж дээрээс нь ижил аягаар таглаад гялалзсан гөлгөр бүрхүүлтэй болтол нь сэгсэрнэ. Бүрхүүл жигд бус болбол дээрх ажиллагааг дахин давтана. Сахар, сахарын холимог, шоколад зэрэг нь үрлийн муухай үнэр амтыг далдална.
Үрлийг олгох, хадгалах: Үрлийг хатуу цаасан хайрцаг ба шилэн банкинд хийж олгодог. Дэгдэмхий бодистой үрлийг сайн бөглөөтэй шилэн банкинд хадгална. Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй саванд хийж харанхуй газар хадгална. Чийгэрхэг бодистой үрлийг цаасан хайрцганд хийхэд чийг нь гадагш нэвтэрч үрэл муудахгүй сайн талтай байдаг. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална. Үрлийг удаан хадгалахаар бол түүний задралыг үе үе шалгаж байвал зохино.
Үрлийн чанарыг шалгах: Бэлтгэсэн үрлийн чанарыг шалгахдаа бусад эмийн хэлбэрийн адил жор, паспорт, савлалт, хаяглалт, үнэр, механик хольцыг шалгахаас гадна дараах өвөрмөц шалгуурыг шалгана.
·         Үрэл нь бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр хуурай гадаргуутай байх ба зүсч үзэхэд хөндлөн огтлолоороо нэгэн төрлийн байна.
·         Үрлийн жингийн хэлбэлзэл нь +_5%-оос ихгүй байна.
·         Үрлийн задрах хугацаа нь 1 цагаас хэтрэхгүй байна.
Үрлийн задрах хугацааг шалгахдаа 100 мл багтаамжтай шувтан колбонд 37±2° С-ын 50 мл бүлээн ус  хийгээд 1-2 үрэл хийж, секундэд 1-2 удаа хэлбэлзэж байхаар зөөлөн сэгсэрнэ.  
Шахмал: Үйлдвэрийн аргаар тодорхой тун бүхий эмийн бодисыг шахаж нягтруулан бэлтгэсэн эмийн хэлбэр юм. Шахмалын бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын бодис ордог. Туслах чанарын бодисоор сахар, цардуул, хүнсний сод, талькийг хэрэглэнэ. Шахмал голдуу дугуй, зууван дугуй дүрстэй бэлтгэгдэн гарна. Зарим үед шахмалын эвгүй үнэр, амтыг дарах, аятайхан хэлбэр оруулахын тулд бүрхээсээр бүрхдэг. Шахмалыг жоронд 3 дугаар загвараар 2 аргаар бичиж болно.   Нэг буюу хэд хэдэн эмийн бодисуудыг хольж тодорхой тунгаар зохих хэлбэрийг олгон шахаж бэлтгэсэн хатуу эмийн  хэлбэрийг хэлнэ. Шахмалууд янз бүрийн тунтай, янз бүрийн хэлбэртэй байж болно.  (дугариг, цилиндр, төвгөр, хоёр талдаа төвгөр, хавтгай гэх мэт). Шахмалын диаметр нь 3-25 мм байх ба үүнээс их бол бримет юм. Шахмалын дундаж жин 0,5 г байна. Нэг шахмал нь нэг удаагийн тунд тохирсон эмийн бодисуудыг агуулах ба түүн дээр хирчээс гаргаж хувааж уухад зориулна. Шахмалуудыг дотуур хэрэглэдэг. Харин сүүлийн үед гадуур хэрэглэх уусмал ба тарилгын уусмалыг бэлтгэхэд зориулагдсан шахмалуудыг хийдэг болжээ. Шахмал эмийг эмчилгээний зорилгоор  19-р зууны дундаас эхлэн хэрэглэх болсон ба энэ нь түргэн хөгжиж үрэл, нунтаг, холимог, шингэн, уусмал мэтийн зарим эмийн хэлбэрүүдийн оронд хэрэглэдэг болов. Шахмалын сайн тал нь эм найруулагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, удаан хадгалах, эмийн муухай үнэр амтыг далдлах бололцоотой өргөн хэрэглэдэг эмийн хэлбэр бөгөөд мөн тээвэрлэх, эмийг зөв тугнах талаараа бусад эмийн хэлбэрээс илүү сайн.  
Шахмалын туслах чанарын бодис
Шахмалыг үйлдвэрлэхэд туслах чанарын бодис хэрэглэх бөгөөд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, шинж чанараас хамааран сулруулагч, хөвсийлгөгч, гулсуулгагч, холбох ба бүрхэгч бодисууд гэж хуваана. Эдгээр нь сайн чанарын шахмал гаргахад технологийн хувьд чухал бодис юм.
Сулруулагч бодис: Үйлчлэгч бодисын тун бага хэмжээтэй байвал сулруулах бодисыг нэмж шахмалд зохих жинг хангадаг. Энэ зорилгоор цардуул, сүүний ба манжингийн сахар, глюкоз, гатрийн хлорид, кальцийн гидрофосфат, магнийэ суурилаг карбонат, маннит, зэргийг хэрэглэнэ.
Хөвсийлгөгч бодис: эмийн бодис ходоод нарийн гэдсэнд хүрээд хоол боловсруулах шүүстэй нийлж задрах явдалд хөвсийлгөгч бодис чухал үүрэг гүйцэтгэнэ. Шахмал хурдан задарвал эмийн бодис хурдан чөлөөгөгдөж шимэгдэнэ.
Гулсуулагч бодис: Шахмалын зуурдсын урсах, гулгах чанарыг сайжруулах зорилгоор холбогч бодисыг хэрэглэнэ. Үүнд: цардуул, тальк, хөнгөн цагааны силикат гэх мэт

Шахмал үйлдвэрлэх
Шахмалыг үйлдвэрлэх ажиллагаа нь 4 үе шаттай.
1.    Материалыг бэлтгэх
2.    Мөхлөг бэлтгэх
3.    Шахмал бэлтгэх
4.    Шахмалыг бүрхэх
Материалыг бэлтгэх: Шахмалын бүрэлдэхүүнд орох эмийн бодис, туслах чанарын бодисыг урьдчилан тооцож шинжилгээнд холигч аппаратанд хийж холино.
Мөхлөг бэлтгэх: Нунтаглаж хольсон холимгийг бөөгнөрүүлж шар будаа шиг жигд шинжтэй болохыг гранул буюу мөхлөг бэлтгэх гэнэ.
1.    Чийгтэй аргаар бэлтгэхдээ туслах чанарын бодисыг уусмал байдлаар авч эмийн холимгийг чийглэнэ. Үүнйи тулд эмийн бодисыг нунтаг болтол жижиглээд холигч аппаратанд хийж холбогч бодисын уусмалаар чийглэж зуураад шигшүүрээр үрж гаргахад жигд ширхэгтэй иөхлөг болдог.
2.    Эмийн бодисыг ус чийгийн нөлөөнд өөрчлөгдөх болон мөхлөгийг чийглэх шаардлагатай үед хуурайгаар нь мөхлөг болгоно. Үүний тулд хуурай холимгийг шахаж брикет болгоод дахиж буталж жигд ширхэгтэй мөхлөг хийдэг. Энэ аргаар бэлтгэсэн мөхлөгийг шигшиж нунтаг хэсгээс нь салгана.
Шахмал хийх: Бэлэн болсон мөхлөгийг шахмалын машинд оруулж шахмал бэлтгэнэ. Шахмалын машины үндсэн детали хэсэг нь матрица ба пуансон байдаг. Матрица гэдэг нь дундаа шахмалыг диаметрт тохирсон нүхнүүдтнй хавтгай диск. Матрицад нүхний диаметрээс арай бага түүн дотор чөлөөтэй ба тах диаметртэй савхан цилиндрийг пуансон гэнэ.    
Шахмалыг бүрхэх: Шахмалыг үйлдвэрлэхээс эхлээд хадгалах савлах, тээвэрлэх, хэрэглэхэд агаар, гэрэл мэтийн гадаад хүчин зүйлүүд нөлөөлж түүний гадаад байдал химийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж чанар нь муудаж болно. Мөн зарим шахмал эмүүд хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочруулах бөөлжис хүргэх, бөөлжүүлэх гэх мэт харш нөлөө үзүүлдэг.
Бүрхүүл  олон янз: Сахаран бүрхүүл, хальсан бүрхүүл, шахмал бүрхүүл. Шахмал дээр сахаран бүрхүүл тавих ажиллагаа нь драже хийхтэй адил байдаг. Шахмалыг хальс үүсгэгч бодисын уусмалаар нимгэн (0,05-0,2мм) бүрхээд хатаахад хальсан бүрхүүл үүснэ. Хальсан бүрхүүл усанд уусдаг, ходоодны шүүсэнд уусдаг, гарийн гэдсэнд уусдаг, уусдаггүй гэх мэт олон янз.    
Шахмалыг савлах ба хадгалах: Үйлдвэрээс шахмалыг гаргахдаа хоёр янзаар савлаж байна.
1.    Шилэн банк картонан хайрцганд 2000-3000 ширхэгээр савлах
2.    Жижиглэн худалдаалахад зориулан жижиг картонан, хуванцар хайрцаг, хуруу шил, целлфанан уут, шилэн банканд 20-100 ширхэгээр эсвэл 6 ширхэгээр цаасанд боож савладаг.
Ямарваа эмийн хэлбэрт өөрчлөлт үзүүлэх гадаад хүчин зүйл бол чийг, температур, гэрэл байдаг.
Шахмал эмэнд тавигдах дараах шаардагуудыг тавина.
1.    Бүрэн бүтэн байдал
2.    Зөв тунтай байх
3.    Нэмэлт бодисын жин шахмалын нийт жингийн 20%-аас хэтрэхгүй байх ёстой.
4.    Бат бэх чанар
5.    Амархан задрах ёстой.
Мөхлөг : Сахаран мөхлөгөнд эмийг тунлан шахаж нягтруулан бэлтгэсэн эмийн хатуу хэлбэр юм. Мөхлөгийн бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын бодис ордог. Туслах чанарын бодисоор нь сахар, цардуул, улаан буудайн гурил, талькийг ашигладаг. Мөхлөг 1 граммаас илүүгүй жинтэй байдаг. Мөхлөг хэлбэрээр витамин болон бусад эмийн бодисыг бэлтгэн гаргадаг. Мөхлөгийг жоронд бичих арга шахмалтай адил байдаг. 
Цуглуулга: Эмийн энэ хэлбэр нь хэд хэдэн эмийн ургамлын жижиглэсэн хэсгүүдийн нийлмэл холимог юм. Цуглуулганы бүтцэнд хоолны давс, карловарын давс зэргийг нэмж оруулж өгч болно. Хүчтэй, хортой үйлдэл үзүүлдэг ургамлын хэсгийг цуглуулганд оруулдаггүй, зөвхөн сул үйлдэлтэй эмийн ургамлыг хэрэглэнэ. Цуглуулганд орсон эмийн ургамлууд аргаах, туулгах, шээс ялгаралтыг нэмэгдүүлэх болон бусад үйлдэл үзүүлдэг байж   болно. Цуглуулгыг тэжээлтэй хольж хуурайгаар эсвэл энгийн ба чанамал ханд хийж дотуур, бигнүүр, жин тавих, банн хийх аргаар гадуур хэрэглэдэг.
Бэлтгэх арга: Жин дээр ургамлын хэсгээ жинлэн авч, цуглуулганд орох ургамлаа тус тусад нь жижиглэнэ. Ургамлын газрын дээрх хэсэг, навчийг хайчаар, үндэс, үндэслэг ишийг хутгаар, үр жимсийг нунтаглагч багажаар жижиглэн, цэцэг цэцгийн багийг бүхлээр нь цуглуулганд оруулж болно. Цуглуулганд орох ургамлын ширхэглэлт түүнийг хэрэглэх зорилгоос хамааран өөр өөр байна. Энгийн ба чанамал ханд бэлтгэж дотуур хэрэглэх зориулалттай цуглуулганд орох ургамлын хэсгийг дараах байдлаар жижиглэнэ. Ургамлын навч, цэцэг, газрын дээрх хэсгийг 5-мм-ээс илүүгүй, иш, холтос, үндэс, үндэслэг ишийг 0,5 мм-ээс илүүгүй хэмжээтэй бэлтгэнэ. Ванн хийх, жин тавих аргаар хэрэглэх цуглуулганд орох ургамлын хэсгийг жижиглэн нунтаглаж 0,2 мм-ийн хэмжээтэй шүүрээр шүүж авна. Цуглуулганд орох ургамлын хэсгийг цаасан дээр өргөн амсартай уур, аяга,  түмпэнгийн аль нэгэнд хийж жигд холилдуулан бэлтгэнэ. Бэлэн болсон цуглуулгыг ердийн ба хатуу гялгар цаасан уут, боолт, гялгар уутанд савлаж хаяг шошиго хийж өгнө.  Жоронд 2-р загвараар бичнэ. Эмийн үйлдвэрээс бэлтгэсэн цугдуулгыг жоронд 1-р загвараар бичнэ.
Бүрхээс: Мал амьтны хоол боловсруулах замаар эвгүй амт, үнэртэй, цочроох чанартай эмийг дотуур уулгахдаа бүрхээсээр бүрхэж хэрэглэнэ. Мал эмнэлгийн практикт уян хатан чанартай желатинан ба таглаатай бүрхээс (нэг нь нөгөөдөө таглаа болж ордог хоёр бортогоос тогтох) хэрэглэнэ.  Харин таглаатай бүрхээсэнд зөвхөн нунтаг эмийг олгоход хэрэглэнэ. Бүрхээсийн жоронд 3,4-р загвараар бичнэ.
Зөөлөн эмийн хэлбэр
Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг  эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ
Зөөлөн эмийн хэлбэрт түрхлэг /unguentum/, өтгөн түрхлэг /pasta/, шингэн түрхлэг, лаа /suppostorium/,гоюу /emplastrum /хамаарагдана.
Түрхлэг - unguentum
Зөвхөн гадуур хэрэглэх зориулалттай зөөлөн шинж чанартай эмийг түрхлэг гэнэ. Гадуур арьс салст бүрхэвч шарханд түрхэж хэрэглэдэг өтгөвтөр, тосорхог зөөлөн эмийн хэлбэрийг Түрхлэг гэж нэрлэнэ Түрхлэг нь гадна байдлаараа гахайн өөхтэй төстэй, түрхэхэд наалдамхай, хүний биеийн дулаанд хайлдаг,арьсыг зөөлрүүлж үйлчилдэг. Гадна байдлаараа түрхлэг  нь зөөлөн, өтгөн, нягт, тогтвор муутай байх ба хэлбэр дүрсээ алддаг байдлаараа хатуу бие, шингэнээс ялгаатай. Түрхлэг  нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүхтэй эртний эмийн хэлбэр бөгөөд манай тооллоос 2500-3000 жилийн өмнө тосон түрхцийг хэрэглэж байсан. Орчин үеийн анагаах ухаанд түрхлэг нь өөрийн байр суурийг алдалгүй  чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Түрхлэг нь хоёр бодисоос тогтоно. Эмийн бодис ба суурь бодис.
Өтгөн түрхлэг: 25%-иас дээш хэмжээтэй хуурай бодис оруулан бэлтгэсэн эмийн зөөлөн хэлбэрийг өтгөн түрхлэг гэнэ. Хэрвээ өтгөн түрхлэгэнд хийх эмийн бодисын хэмжээ 25%-д хүрэхгүй бол цардуул, цагаан шавар, цайрын исэл зэргийн аль нэгийг нэмж өгнө. Харин өтгөн түрхлэгийн бүрэлдэхүүнд ордог хуурай бодисын хэмжээ 60-65%-иас хэтрэхгүй байх ёстой. Өтгөн түрхлэгийг бэлтгэх, жоронд бичих арга нь түрхлэгтэй адил байна.
Эмийн бодисын жижиглэлтийн хэмжээ, тэдгээрийн суурин дотор тархсан байдлаас хамааран тосон түрхцийг ангилж энэ ангиллын дагуу тосон түрхцийг бэлтгэнэ.
1.    Нэгэн төрлийн тосон түрхэц
2.    Хөвмөл хэлбэрийн тосон түрхэц
3.    Эмульсэн хэлбэрийн тосон түрхэц
4.    Нийлмэл хэлбэрийн тосон түрхэц
Нэгэн төрлийн тосон түрхэц
Нэгэн төрлийн нь суурь бодис дотроо уусмал шиг тархсан өөрөөр хэлбэл тосон суурь дотор эмийн бодис байгаа нь мэдэгдэхгүйгээр тархсан тийм тосон түрхцийг нэгэн төрлийн тосон түрхэц буюу нэг фазтай тосон түрхэц гэнэ. Эмийн бодис суурь хоёрыг ялгах фаз, хоорондын хязгаар гадаргууд нь байхгүй бөгөөд бэлтгэх аргаар нь хамаарч 3 бүлэг болгож хуваана.
1.    Уусмал хэлбэрийн тосон түрхэц
Уусмал хэлбэрийн тосон түрхцэнд эмийн бодис нь сууриндаа уусмал байдалтайгаар тархаж тосон түрхцийг үүсгэнэ.
2.    Хайлш хэлбэрийн тосон түрхэц
Хайлш хэлбэрийн тосон түрхэц нь харилцан уусч хайлдаг хэд хэдэн бодисын холимгийг хэлнэ.
3.    Экстракт хэлбэрийн тосон түрхэц
Ургамлын ба амьтны түүхий эдийг хайлуулсан тосон суурь буюу ургамлын тосоор хандлах замаар гаргаж авсан тосон түрхэцийг экстракт хэлбэрийн тосон түрхэц гэнэ.
Хөвмөл хэлбэрийн тосон түрхэц
Усанд ч, сууриндаа ч уусдаггүй эмийн бодисыг агуулсан сууриндаа хөвмөл хэлбэрээр тархсан хатуу дисперсийн фазтай тосон түрхэцийг хөвмөл хэлбэрийн тосон түрхэц гэнэ.
Эмульсэн хэлбэрийн тосон түрхэц
Усанд уусдаг шингэн дисперсийн фазтай тосон түрхцийг эмульс хэлбэрийн тосон түрхэц гэнэ.
Нийлмэл хэлбэрийн тосон түрхэц
Тосон түрхцийг найрлаганд суурь бодисондоо уусдаг ба уусдаггүй, усанд уусдаг болон уусдаггүй зэрэг янз бүрийн шинж чанартай эмийн бодисууд орсон байж болно. Ийм үед уусмал хөвмөл эмульсийн алв алиных шинж чанарыг хадгалсан нийлмэл тосон түрхэц үүснэ. Ийм тосон түрхцийг хоёр аргаар бэлтгэнэ.
1.    Устай нийцдэг хатуу фазыг эхлээд усан шингэнтэй, дараа нь тосон суурьтай холиход хатуу фазын хэсгүүд нь тосон суурин дотор тархсан усан фазын эмульжигдсэн дуслуудын дотор байна. Энэ аргаар бэлтгэсэн тосон түрхэц нь эмчилгээний идэвхээр хоёр дахь аргаар бэлтгэсэн тосон түрхцээс илүү сайн байдаг.
2.    Усанд уусдаггүй хатуу фазыг тосон суурьтай холиод дараа нь эмульсэн тосон түрхцийг бэлтгэнэ. Эсвэл эмийн бодисыг бэлэн эмульсэн суурьтай холиход хатуу бодисын хэсгүүд тосон суурь дотор эмульсэн фазтай зэрэгцэж оршино.
 Тосон түрхлэг бэлтгэх технологи
Түрхлэгийг концентрац, суурийг сонгож авах, эмийн бодисын шинж чанар зэргийг урьдчилан судалж мэдсэний үндсэн дээр бэлтгэх технологийг нь боловсруулна. Түрхлэгийн концентрац нь тодорхой биш байвал 10%-оор түрхлэгийг бэлтгэнэ. Энэ нь хүчтэй үйлдэлтэй эмийн  эмийн бодисуудад хамаарахгүй. Ямар нэгэн тосон түрхлэгийг бэлтгэхэд хамгийн анхаарах гол зүйл нь эмийн бодисыг суурин дотор жигд тараахад оршино.
Түүхий эдүүдийг заасан хэмжээгээр хэмжиж авах: тосны найрлаганд орсон эмийн стандарт түүхий эдүүдийг заасан хэмжээгээр электрон жин дээр хэмжиж авна.
Эмийн бодисоо бэлтгэх: Үүний тулд шаазан уур нүүдрийн тусламжтайгаар том ширхэгтэй эмийн бодисуудаа нунтаглана. Үүний дараа тосон түрхцийг жигд холилдуулах зорилгоор загасан тосноос хүрэлцэхүйц хэмжээгээр хийж өгнө. Дараа нь  эмийн бодисуудаа стандартын дагуу  дараалуулан хийж холино.
Эмийн бодисыг сууринд оруулах:  Эмийн бодис дээрээс нь суурь бодисыг  бага багаар нэмэх нар зөв эргүүлэн хутган, шаазан уур нүдрүүдийн хананаас хутгуураар үе үе хусах замаар жигд хольж өгнө.
Савлах: Бэлэн болсон тосон түрхлэгийг шаазан уурын цорготой амсарын тусламжтайгаар хуванцар саванд 50 гр-аар савлаж пергаментан цаасаар жийргэвч хийж битүүмжилнэ.
Хаяглах: Шошгон дээр тосон түрхлэг гэсэн тэмдэглэл хийж өвчний нэр, хэрэглэх арга, тун, бэлтгэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, зэргийг бичнэ.
Шингэн түрхлэг: Гадуур хэрэглэхэд зориулан өтгөвтөр шингэн буюу унжралдсан өтгөн шинжтэй эмийг шингэн түрхлэг гэнэ. Шингэн түрхлэгийг бэлтгэхэд . Шингэн түрхлэг хэлбэрээр бичил биетэн эсэргүүцэх болон хааяа цочроох үйлдэлтэй эмүүдийг хэрэглэнэ. Шингэн түрхлэгийн үйлдэл нь түрхлэг, өтгөн түрхлэгийг бодвол богино хугацаагаар  илрэх бөгөөд хүчтэй илэрнэ.
Физик химийн шинж чанараар нь 3 бүлэгт хуваана.
Уусмал байдалтай шингэн түрхэц: Харилцан бие биедээ уусах буюу холилдох тунгалаг шингэн үүсгэдэг шингэн бодисуудын холимог ба хатуу бодисуудын шингэнд ууссан холимгийг уусмал байдалтай шингэн түрхэц гэнэ. Эмульс байдалтай шингэн түрхэц: Хоёр шингэн фазтай, өөрөөр хэлбэл усан доторх тосны ба тосон доторх усны эмульсээс тогтсон шингэн түрхцийг эмульс байдалтай шингэн түрхэц гэнэ.
3.    Хөвмөл байдалтай шингэн түрхэц: Нунтаг байдалтай уусдаггүй эмийн бодисууд нь ус глицерин, тос мэтийн бусад шингэн дотор хөвмөл байдлаар тархсан тийм шингэн тосыг хөвмөл байдалтай шингэн түрхэц гэнэ. 
Бэлтгэх арга: Түргэн уусдаг нунтаг болон сайн холилддог шингэнийг шилэн савтай шингэн тосонд хийж зайлж сэгсрэн шингэн түрхлэгийг бэлтгэнэ. Хэрэв хуурай уусдаггүй эмийн бодисыг авбал эхлээд маш жижиг ширхэгтэй нунтаг болгож, дараа нь суурь бодисоо бага багаар нэмж маш сайн холилдуулан бэлтгэнэ. Эмийн бодис, суурь бодисууд удаан тавьж хадгалахад үелэн ялгардаг бол хэрэглэхийн өмнө зайлж сэгсрэх хэрэгтэй. Шингэн түрхлэгийн жорыг 1,2-р загвараар бичнэ.
Лаа : suppositoria
Мал амьтны бие махбодын хөндий суваг, нүх сүвээр олгоход зориулсан эмийн бодисыг туналан бэлтгэсэн хэлбэр юм. Лаа  нь ердийн температурт хатуу байдалтай боловч биеийн халуунд хайлдаг, биеийн хөндий эрхтэнд хийж хэрэглэдэг зөөлөн эмийн тугнагдсан хэлбэр юм. Лааг хэрэглэх зам, дүрс хэлбэрээс нь хамаарч шулуун гэдэсны лаа, үтрээны лаа буюу бөмбөлөг, савх гэж ангилна. Лааны бүтцэнд  эмийн бодис ба суурь бодисоос тогтсон эмийн хэлбэр юм.
Лааг бэлтгэх технологи
Лаа, бөмбөлгийн бүрэлдэхүүнд янз бүрийн физик химийн шинж чанартай олон төрлийн бодисууд оролцдог учраас тэдгээрийг бэлтгэхдээ эмийн бодисууд болон суурь бодисын шинж чанарыг харгалзана.
Лаа бөмбөлгийг 3 аргаар бэлтгэнэ.
1.    Өнхрүүлэх
2.    Хэвэнд цутгаж бэлтгэх
3.    Шахах
Эмийн санд лааг өнхрүүлэх аргаар бэлтгэдэг учраас уур нүдүүрийг лааг бэлтгэхэд хэрэглэдэг бүх хэрэгслийг цэвэр байлгах, тоос шорооноос хамгаалах, гараа сайн угаах зэрэг ариун цэврийн шаардлагыг хатуу сахих хэрэгтэй. Анхаарал болгоомжгүй ажиллахад лааны гадаргуу бохирдож гөлгөр бус барзгар болно. Ийм учраас лаа, бөмбөлгийг бэлтгэхдээ лааны зуурдсанд хуруугаа хүргэлгүй тостой цаасаар жийрэглэж барих хэрэгтэй.
Лааг  өнхрүүлж бэлтгэх арга
Эмийн сангийн практикт лаа, бөмбөлгийг бэлтгэхэд өнхрүүлэх аргыг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ арга нь дараах шатуудаас бүрдэнэ.
1.    Лааны зуурдсыг бэлтгэх
2.    Зуурдсыг жигнэх
3.    Зуурдсыг савх хэлбэрт оруулах
4.    Савхыг тугнаж хэрчих
5.    Хэрчмийг бөөрөнхийлэх
6.    Лаа хэлбэрт оруулах
7.    Хэлбэржсэн бэлэн лаа, түүнийг боох
8.    Лааг савлах
Лааны зуурдсыг бэлтгэх
Эхлээд какаогийн тосыг хутгаар зорох буюу үрүүлээр үйрүүлж эсвэл тусгай жижиглэх төхөөрөмжөөр жижиглэнэ. Ингэж бэлтгэсэн сууринаас жоронд заасан хэмжээгээр таслан авч ууранд хийгээд эмийн бодистой холихдоо дээр дурдсан зарчмуудын аль тохирохыг нь хэрэглэнэ. Эмийн бодисыг суурь бодистой холихдоо эхлээд нүдүүрийг дарахгүйгээр хөнгөн хөдөлгөөнөөр хооронд нь хольж барьцалдуулна. Ингэхгүй бол зуурдас нь гөлгөр бус наалдамхай гадаргуутай болж уур нүдүүрийн хананд наалдана. Зуурсан холимгийг уурын хананаас ховхорч нүдүүрийн толгойнд бөөгнөрөх хүртэл нь эргүүлэх хөдөлгөөн хийх замаар нухаж нягтруулна. Лаа, бөмбөлгийн зуурдсыг нягт уян хатан болгохын тулд бага хэмжээний усгуй ланолиныг 0,1-0,3г нэмж болно. Ланолин нь эмульсжүүлэх чадвартай учраас суурийн усыг шингээх чанарыг нь ихэсгэж тогтвор сайтай эмульсэн зуурдсыг буй болгодог. Хэрэв лаа ба бөмбөлгийн зуурдсын бүрэлдэхүүнд өтгөн унжралдсан наалдамхай чанарын шингэнүүд орсон байвал холбогч бодис нэмэх шаардлагагүй. Өвлийн урилалд холбогч бодис их хэмжээгээр хэрэглэгдэнэ. Ингэж зуурдсыг уурнаас салгаж нүдүүрийн толгойд бөөгнөрүүлнэ. Сайн бэлтгэсэн зуурдас нь  уурын хананд наалдахгүй өөрөө ховхорч байдаг.
Зуурдсыг жигнэх
Нэгэн жигд болсон нягт зуурдсыг цаасаар ороон барьж бөөгнөрүүлээд гар жин дээр жигнээд жинг жор паспортон дээр зааж бичнэ.
 Зуурдсыг савх хэлбэрт оруулах
Зуурдсыг үрлийн машины хавтгай шилэн дээр тавьж целлофан буюу тостой цаасаар ороосон нарийн хавтгай хучуур модоор дөрвөн талаас нь цохиж гулгуулж тэгш өнцөгт цилиндр хэлбэртэй савхыг бэлтгэнэ. Савхыг бэлтгэж байхдаа зуурдсанд гар хуруугаа хүргэхгүй байх бөгөөд савхны голд хөндий зай үлдээхгүйг анхаарч байх хэрэгтэй. Лааны савхыг бэлтгэхэд үрлийн машин тохиромжтой.
Савхыг тугнаж хэрчих
Савхны уртыг үрлийн машины хутганы хэмжээнд тохируулна. Үрлийн машины хутган дээр шаардлагатай тооны хэрчлээсийг тоолж түүнд лааны савхны уртыг тохируулаад савхыг тавьж бага зэрэг дарж бэлтгэх лааны тоогоор ором гаргаад энэ оромоор нь нимгэн хурц хутгаар тэнцүү хэсэг болгож хуваана. Хэрчим бүрийг гар дэнсээр хэмжиж шалгана. Энэ хэрчмүүдийн гадаргуу жигд байх ёстой бөгөөд хэрэв барзгар байвал дахин хольж зуурна.   
Хэрчмийг бөөрөнхийлэх
Огтолсон хэрчим тус бүрийг өнхрүүлэх замаар бөөрөнхийлнө.
Лаа хэлбэрт оруулах
Үүний дараа лаа бэлтгэж байгаа бол дээрх бөөрөнхийн нэг тал руу модоо налуулан дарж гулгуулан шовх үзүүртэй болтол нь өнхрүүлнэ. Лааны үзүүрийг хэт шовхолвол шулуун гэдсэнд шургуулах үед хугардаг тул хэт шовх үзүүртэй болгох шаардлагатай.
Хэлбэржсэн бэлэн лаа, түүнийг боох
Бэлэн лааг гурвалжин, бөмбөлгийг дугариг хэлбэртэй тостой  баасанд бооно.
Лааг савлах
Лааг гадуур гэсэн дагавар хаяг, шошиго наасан цаасан хайрцганд савлаж олгоно. Лааг бэлтгэж байхдаа сууринаас гадна цацах зорилгоор ямар нэгэн хуурай бодис хэрэглэхгүй, эдгээр нь лааны гадаргууг бохирдуулна. Лааг өнхрүүлэх аргаар бэлтгэх нь өргөн хэрэглэж болох ч лаанууд нь ижил хэлбэр дүрстэй, жигд хэмжээтэй болж хэмжээтэй болж төдий л чаддаггүйгээс гадна бэлтгэх хугацаа их шаарддаг
Лаа  нь зөв, жигд хэлбэртэй, хөндлөн огтлолоороо хий хөндийгүй жигд, савлах үед болон өвчтөн гараараа барьж хэрэглэхэд хэлбэр дүрсээ алддаггүй байвал зохино.
Лааг боож савлах, хадгалах
Шулуун гэдэсний лааг тостой нимгэн гурвалжин хэлбэртэй цаасанд, үтрээний лааг дөрвөлжин цаасанд боогоод дотроо лаа бүрд зориулсан тасалгаатай цаасан хайрцганд хийж олгоно. Тосон сууриар бэлтгэсэн лаа нь амархан хуршиж, салст бүрхэвчийг цочрооно. Ийм лааг сэрүүн хуурай байранд хадгалах шаардлагатай. Харин желатин ба глицеринэн сууриар бэлтгэсэн лаа нь амархан хөгцөрч бичил биетнийг үүсгэнэ. Иймээс бэлтгэх, савлах, хадгалах үед эрүүл дүрмийг баримтлах хэрэгтэй.
Лааны чанарт үнэлгээ өгөх
Лааны чанарыг шалгахдаа жор, паспорт, савлалт, өнгө, үнэр, механик хольц зэрэг шалгууруудаас гадна өвөрмөц үзүүлэлтийг шалгана.
·         Лаа бөмбөлгийг хэмжээ хэлбэр нь жоронд заасан шаардлагыг хангасан байхаас гадна тогтоосон хэлбэлзлийн нормд тохирсон байна. +0,5%
·         Холилтын жигд байдал. Лаа бөмбөлгийг зүсэж үзэхэд хий зай толбогүй жигд байх ёстой.
·         Лааны бүрэн задрах хугацааг тодорхойлно.
Лааг  цутгаж бэлтгэх арга
Энэ аргаар лаа, бөмбөлөг, савхыг бэлтгэхдээ суурийг хайлуулаад эмийн бодисыг нэмж царцаагүй байхад нь металл хэвэнд цутгаж тасалгааны температурт буюу хүйтэн ус, хөргөгч багаж, мөсийг ашиглаж царцаана. Өвлийн цагт гадаа гаргаж тавина. Эмийн санд суурийг ууранд буюу  шаазан аяганд хийж усан халаагуур дээр тавьж хайлуулаад түүн дотроо эмийн бодисыг хийж сууринд уусдаг эмийн бодисыг уустал нь, сууриндаа уусдаггүй эмийн бодисыг бөөгнөрүүлэхгүйгээр жигд тархтал хутгана. Хэвэнд цутгахдаа эмийн бодис тунаж үлдэхээс болгоомжилж үргэлж хутгаж байх бөгөөд шингэн бус өтгөвтөр байдалтай болгосны дараа цутгаж хурдан хөргөнө. Цутгадаг хэв хоёр хэсгээс тогтоно. 

No comments:

Post a Comment

зөвлөгөө

Антибиотекийн зохистой хэрэглээ

Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуул...